ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот


ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль тогтоомж

2.1. Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн  бусад  актаас бүрдэнэ.

2.2. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар  ойлгоно:

3.1.1.“эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;

3.1.2.“эрчим хүчний нөөц” гэж цахилгаан, дулаан  үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн түлш, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийг;

3.1.3.“түлш” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг;

3.1.4.“эрчим хүчний эх үүсвэр”  гэж  эрчим хүчний нөөцийг ашиглан  хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж  цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;

3.1.5.”нэгдсэн сүлжээ” гэж хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээг;

3.1.6.”нэгдсэн сүлжээний дүрэм” гэж нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.7.“цахилгаан дамжуулах сүлжээ” гэж цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон,  эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай  бусад хүчдлийн шугам, дэд станцыг;

3.1.8.“цахилгаан түгээх сүлжээ” гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх шугам, дэд станцыг;

3.1.9.“эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;

3.1.10.“эрчим хүчний барилга байгууламж барих” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг;

3.1.11.“төвлөрсөн дулаан хангамж” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг;

3.1.12.“төвлөрсөн  дулаан  хангамжийн дүрэм” гэж төвлөрсөн  дулаан  хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.13.“дулаан дамжуулах сүлжээ”  гэж  эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах  төв хүртэлх дулааны  шугам,  тоног  төхөөрөмжийг;

3.1.14.“дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн  тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;

3.1.15.“халаалтын  улирал“ гэж барилга,  байгууламжийг   дулаанаар хангах шаардлагатай, хүний  ажиллаж  амьдрах  таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон  жилийн  цаг  агаарын дундаж  үзүүлэлтэд  тулгуурлан тогтоосон хугацааг;

3.1.16.“эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл  зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.17.”эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид “зохицуулалттай тариф” гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;

3.1.18.“эрчим хүчний зохицуулалтгүй хангалт” гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;

3.1.19.“хэрэглэгч” гэж  эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан  авах  эрхтэйгээр оролцож  байгаа иргэн, хуулийн  этгээдийг;

3.1.20.“хэрэглэгчийн зэрэглэл” гэж эрчим хүчээр хангах гэрээний нөхцөл болон эрчим хүчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилахыг;

3.1.21.“аж ахуйн харилцааны дүрэм” гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний  түвшин, чанар,  төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.22.“тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах  хорооноос баталж нийтэлсэн үнийг;

3.1.23.“цөмийн эрчим хүчний нөөц” гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;

3.1.24.“цөмийн эрчим хүч” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг;

3.1.25.“цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг;

3.1.26.“диспетчерийн зохицуулалт” гэж диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг;

3.1.27.“индексжүүлэлт” гэж хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг;

3.1.28.“аюулгүйн нөөц” гэж гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг сулруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай нөөцлөх түлш, шатах тослох материал, тоног төхөөрөмжийг;

3.1.29.“хэрэглэгчийн ангилал” гэж хэрэглээний шинж чанар, эрчим хүчээр хангах зардал зэргийг үндэслэн хэрэглэгчийн тарифыг тогтоох зорилгоор хэрэглэгчийг ангилахыг.

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

Хэвлэх
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН 

БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1. Улсын Их Хурал  эрчим хүчний талаархи төрийн бодлогыг тодорхойлж, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих асуудлыг шийдвэрлэнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

5.1. Засгийн газар эрчим хүчний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. эрчим хүчний талаархи төрийн бодлого, эрчим хүчний тухай хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2. эрчим хүчний зохицуулах хороог байгуулах, дүрмийг нь батлах;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.3. цахилгаан, дулаан хэрэглэх болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, дамжуулах сүлжээний хамрах хүрээг тогтоох.

5.1.4.эрчим хүчний аюулгүйн нөөц болон хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийн жагсаалтыг батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.5.эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний нөөцийн үндэсний балансыг тооцоолохтой холбогдсон зардлыг санхүүжүүлэх журам батлах.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

Хэвлэх

6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. эрчим хүчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

6.1.2. эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаархи төрийн бодлогыг боловсруулах;

6.1.3. /Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.1.4. байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам  батлах;

6.1.5. нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм,  эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт,  засвар,  ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.1.6. тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргах;

6.1.7. /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.1.8.эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг авах, эрчим хүчний үндэсний баланс гаргах, норм нормативыг батлах, стандарт боловсруулах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.9.эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийх журмыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.10.эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг боловсруулах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.11.халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.12.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.1.13.эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.1.14.эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.1.15.уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.1.16.эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах.

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2.Эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхөд эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь эрх бүхий байгууллагатай зөвшилцөнө.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

 

7.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

7.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга бүс нутгийн цаг уурын байдалд тохируулан халаалтын улирлын эхлэх, дуусах хугацааг тогтооно.

7.3.Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

Хэвлэх

8 дугаар зүйл.Эрчим хүчний зохицуулах хороо 

8.1.Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байна.

8.2.Зохицуулах хороог  орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана.

8.3.Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.

8.4.Зохицуулагч эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна.

8.5.Зохицуулах хорооны дэргэд хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэнцүү тооны төлөөллөөс бүрдсэн, зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулж  болно.

8.6.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний  төлбөрөөр санхүүжинэ.

8.7.Зохицуулах хороо санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж  нийтэлнэ.

8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байх ба ажлын албыг ажлын албаны дарга удирдах бөгөөд ажлын албаны даргыг зохицуулах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.

8.9.Ажлын албаны дүрмийг  Зохицуулах хороо батална.

 

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

Хэвлэх

9 дүгээр зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1. Зохицуулах хороо нь дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.1. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.2. энэ хуульд  заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

9.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

9.1.4.тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;

 

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.5. эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох;

9.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;

9.1.7. хэрэглэгчийн зэрэглэлтэй уялдуулан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, хангагчаас хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний түвшинг тодорхойлох, хэрэгжилтийг хянах;

9.1.8. тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, өөрчлөх, тэдгээрийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;

9.1.9. тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;

9.1.10. зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг бүртгэх;

9.1.11. аж ахуйн  харилцааны  дүрэм батлах;

9.1.12. аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.13.тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.14.эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.15.энэ хуулийн 25.1.9-д заасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянаж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.16.эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.17.хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.18.эрчим хүчний зохицуулалттай үйлчилгээний хөлсний хэмжээг батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.19.Зохицуулах хорооны төсвийг батлах, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг  тусгай зөвшөөрөл эзэмшигчид  тайлагнах.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.20. Зохицуулах хорооны дүрэмд заасан бусад эрх,  үүрэг.

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2. Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл

11.1. Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн  төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ.

11.2.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийн ажиллах журам, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас  гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

11.3.1. энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

11.3.2. тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах.

11.3.3.Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх.

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.4. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан зардлаа тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлснөөс санхүүжүүлнэ.

 

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

12 дугаар зүйл. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох

 

12.1. Хуулийн этгээд дараахь үйл ажиллгагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

12.1.1. цахилгаан үйлдвэрлэх;

12.1.2. дулаан үйлдвэрлэх;

12.1.3. цахилгаан дамжуулах;

12.1.4. дулаан дамжуулах;

12.1.5. диспетчерийн зохицуулалт хийх;

12.1.6. цахилгаан түгээх;

12.1.7. дулаан түгээх;

12.1.8. эрчим хүчээр зохицуулалттай хангах;

12.1.9. эрчим хүчээр зохицуулалтгүй хангах;

12.1.10. цахилгаан импортлох, экспортлох;

12.1.11. эрчим хүчний барилга байгууламж барих.

 

12.2. Улсын хилийг дайран өнгөрөх шугам,  5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3. Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг эрчим хүчний эх үүсвэр барих, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах хороо олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4. Энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад тохиолдолд 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн  зохицуулах зөвлөл  олгоно.

12.5. Иргэн, хуулийн этгээд  байгаль орчинд сөрөг нөлөө   үзүүлэхгүй, хүн амын хэвийн  амьдралд хохирол учруулахааргүй аргаар  зөвхөн  өөрийн хэрэгцээг хангах  зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам  барих, ашиглахад тусгай зөвшөөрөл    авахгүй.

12.6.Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэд станцаас авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд зохицуулалттай цахилгаан, дулааны түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

13 дугаар зүйл. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

13.1. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрийг цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох эрх олгоно.

13.2.Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан, дулаан худалдах үнэ, нөхцөлийг дор дурдсанаас бусад тохиолдолд Зохицуулах хороогоор хянуулж батлуулна:

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.1. зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэх;

13.2.2. экспортлох зорилгоор нэгдсэн сүлжээнд холбогдохгүйгээр цахилгаан үйлдвэрлэх;

13.2.3. гэрээний үнээр цахилгаан, дулаан худалдах.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл  

14.1. Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулааны дамжуулах сүлжээг ашиглан цахилгаан, дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.

14.2. Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:

14.2.1. цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааг болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, дамжуулах сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх үйл ажиллагаа эрхлэх;

14.2.2. энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын зааврыг боловсруулах,  батлуулах, мөрдөх;

14.2.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тэгш эрхтэйгээр дамжуулах сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх.

14.3.  Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчээр хангагч байж болохгүй.

 

Хэвлэх

15 дугаар зүйл. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл  

15.1. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлөөр диспетчерийн үндсэний төвд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг  шуурхай зохицуулж,  үйлдвэрлэлийг хэрэглээтэй тэнцвэржүүлэх эрх олгоно.

15.2. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:

15.2.1. цахилгаан, дулааныг стандартын шаардлагад нийцүүлэн найдвартай хангах зорилгоор цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт  нийцүүлэн шуурхай зохицуулах;

15.2.2. байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

15.2.3. цахилгаан, дулаанаар хангах гэрээг Зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу бүртгэх;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.4. диспетчерийн зохицуулалтаар бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийлүүлэх, тэднээс авч болох цахилгаан, дулааны нөөц, чадал, бусад үйлчилгээг төлөвлөх, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг хангах, горим тогтоож хянах;

15.2.5. нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн цахилгаан, дулааны хэрэглээний урт хугацааны урьдчилсан таамаглалыг жил бүр гаргах;

15.2.6.бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн сүлжээний дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэх.

15.2.7. импортлох, экспортлох зорилгоор цахилгаан дамжуулах үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

15.3. Цахилгаан, дулааны диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл олгохгүй.

15.4. Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрмийн хүрээнд диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан шийдвэрийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч  биелүүлэх үүрэгтэй.

 

Хэвлэх

16 дугаар зүйл. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл  

16.1. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно.

16.2. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох  үүрэгтэй.

16.3. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй:

16.3.1. тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан  шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох;

16.3.2. энэ хуулийн 9.1.13.-т заасан холболтын зааврыг боловсруулах,  батлуулах, мөрдөх;

16.3.3. эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуураар хэрэглэгчийг хангах, тоолуурыг холболтын цэгт суурилуулах;

16.3.4 цахилгаан, дулаан түгээх сүлжээгээр дамжуулан зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тэнцүү боломжийг эрчим хүчээр хангагч нарт олгох;

16.3.5. цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах

16.3.6. түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх;

16.3.7.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох

 

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.3.8. үйлдвэрлэгч, дамжуулагчтай байгуулсан гэрээний дагуу урьдчилан төлбөр хийсний үндсэн дээр цахилгаан, дулааныг  худалдан авах;

16.4. Энэ хуулийн 16.3.3-т заасан тоолуур нь цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч байна.

16.5. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно.

Хэвлэх

17 дугаар зүйл. Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл  

17.1. Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн  этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно.

17.2. Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг:

17.2.1. тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн  хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах;

17.2.2. цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хүрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;

17.2.3 цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх;

17.2.4.аж ахуйн харилцааны дүрмийг мөрдөх.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.3.Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэр дээрх зарим хэрэглэгчдийн цахилгааны борлуулалтыг иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Гэрээт борлуулагчид худалдах үнэ, төлөх шимтгэлийг хоорондын гэрээгээр тохиролцох ба хэрэглэгчид Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр худалдана.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

Хэвлэх

18 дугаар зүйл. Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл  

18.1. Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс  цахилгаан, дулаан худалдан авч, Зохицуулах хорооноос тогтоосон хэрэглэгчид худалдах болон цахилгаан экспортлох эрхийг олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2. Зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй:

18.2.1. цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хүрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;

18.2.2. аж ахуйн харилцааны дүрэм боловсруулах, батлуулах.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Цахилгаан импортлох, экспортлох        тусгай зөвшөөрөл  

19.1. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд зохицуулалтгүй хангалтаар цахилгаан экспортлох, зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох эрх олгоно.

19.2. Нэгдсэн сүлжээгээр цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийг тухайн сүлжээний дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгоно.

19.3.Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн импортлох, экспортлох эрчим хүчний хэмжээг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.4. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан импортлох, экспортлох хугацаа, техникийн нөхцөлийг диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл  эзэмшигчтэй тохиролцоно.

 

Хэвлэх

20 дугаар зүйл. Эрчим хүчний барилга байгууламж                                                      барих тусгай зөвшөөрөл  

20.1. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг  санхүүгийн чадавхтай, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд  олгож болно.

20.2. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж хянуулсан байна.

20.3. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд   нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгоно.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авах

21.1. Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө Зохицуулах хороо буюу  аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2. Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөлдөө эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан дараахь бичиг баримтыг хавсаргана:

21.2.1. техник, эдийн засгийн үндэслэл;

21.2.2. эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах эрчим хүчний нөөцийн судалгаа;

21.2.3. үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт;

21.2.4. үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт;

21.2.5. үйлчлэх хүрээ, эзэмшлийн зааг, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний тэнцэл;

21.2.6. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

21.2.7. байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;

21.2.8. тухайн хуулийн этгээдийн санхүү, хөрөнгийн нөөц, эдийн засгийн чадавхи;

21.2.9. үйл ажиллагаагаа эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

21.2.10. мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн дадлага, туршлага.

21.3. Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл өргөдөл, түүнд хавсаргасан баримтын талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.4. Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох  эсэх шийдвэрийг гаргана.

21.5. Хэрэв өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг шаардлага хангаагүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор өргөдөл гаргагчид буцаана.

21.6. Зөвшөөрөл олгосон шийдвэр буюу олгохоос татгалзсан тухай үндэслэлийг нийтэлнэ.

21.7. Тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадавхитай, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулах боломжтой хуулийн этгээдэд олгоно.

21.8. Нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно.

Хэвлэх

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

22.1. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацаа 5-25 жил,  эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа  5 хүртэл жил, бусад тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна.

22.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг  25 хүртэл жилээр сунгана.

22.3. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана.

22.4. Тусгай зөвшөөрөл нь түүнийг олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Хэвлэх

23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх  

23.1. Тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан бол тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг шинэчлэх  буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж  болно.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

24.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон тусгай зөвшөөрөлд заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогч зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг өгнө.

24.2. Заасан хугацаанд зөрчилөө арилгаагүй бол эрчим хүчний хяналтын улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих шийтгэл ногдуулж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа зогсоох үндэслэл болохгүй

24.3. Тусгай зөвшөөрөл  олгогч дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:

24.3.1. тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан;

24.3.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан, дампуурсан;

24.3.3. тусгай зөвшөөрлийг хууль бусаар олж эзэмшсэн нь тогтоогдсон;

24.3.4. энэ хуулийн 24.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн боловч зөрчлийг хугацаанд нь арилгаагүй;

24.3.5. байгаль  орчныг хамгаалах,  нөхөн  сэргээх  арга хэмжээний төлөвлөгөө  биелүүлээгүй  буюу  байгаль орчныг  хамгаалах  тухай хууль  тогтоомж  зөрчсөн;

24.3.6. хуульд заасан бусад үндэслэл.

24.4. Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана.

24.5. Тусгай зөвшөөрлийн хүчингүй болсон нь түүнийг эзэмшигч хуулийн этгээдийн байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

24.6. Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс бусад  тусгай зөвшөөрөл эзэмшигчээр энэхүү үйл ажиллагааг гүйцэтгүүлж болно.

Хэвлэх

25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг  

25.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:

25.1.1. тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх;

25.1.2. хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй

ажиллагааны  дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх;

25.1.3. санхүүгийн тайлан бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааны төрөл тус бүрээр, тусгай зөвшөөрөлд хамаарахгүй үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь хөтлөх;

25.1.4. аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг  тусгай зөвшөөрөл олгогчид  жил бүр гаргаж өгөх;

25.1.5.Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрмийн дагуу цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.1.6. энэ хуулийн 9.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогчид мэдэгдэх, зөвшөөрөл авах;

25.1.7. тусгай зөвшөөрөл олгогчийн эрх бүхий ажилтнаас эрх мэдлийнхээ хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх, өөрийн байр, байгууламжид нэвтрүүлэх, ажил үүргээ биелүүлэх  нөхцлөөр хангах;

25.1.8. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник, эдийн засгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд шаардлагатай мэдээллийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын шаардсанаар цаг тухайд нь үнэн зөвөөр гаргаж өгөх;

25.1.9. цахилгаан, дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх, шинэчлэх,  талаар 3 - 5  жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа харилцагч бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг авч, тусгай зөвшөөрөл олгогчид  жил  бүр  тодотгож мэдэгдэх;

25.1.10. үйл ажиллагаагаа эрчим хүчний хангамжид нөлөө үзүүлэхүйц байдлаар тодорхой хугацаагаар зогсоох шаардлагатай бол тусгай зөвшөөрөл олгогчид  6-аас доошгүй сарын өмнө мэдэгдэх;

25.1.11. үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх жил бүрийн төлөвлөгөө боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулж мөрдөх;

25.1.12. холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрөлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах.

 

Хэвлэх

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНЭ, ТАРИФ

26 дугаар зүйл. Тариф тогтоох зарчим

26.1. Тарифыг цахилгаан, дулаан  үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно:

26.2. Тариф тогтоохдоо дараахь зарчмыг баримтална:

26.2.1. үйл ажиллагааны бодит өртөг, зардалд  тулгуурлах;

26.2.2. цахилгаан, дулааны хангалтад хэрэглэгчдээс тавих шаардлагатай уялдуулан хэрэглэгчийн ангилал тус бүрээр өртөг, зардлыг хуваарилах;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2.3. эрчим хүчний хэрэглээг зохицуулах боломжтой  байх;

26.2.4. үнийн тогтвортой байдлыг хангах;

26.2.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх;

26.2.6. цахилгаан, дулааны тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх;

26.2.7. эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх;

26.2.8.тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тооцож гаргасан өртөг, зардлын үндэслэл, үнэн зөв байдалд Зохицуулах газар үнэлгээ өгөх үүрэгтэй бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд дахин боловсруулахаар буцаана. Зохицуулах газар нь өөрийн санал, тооцоогоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөөс үнэлгээ, тооцоог нөхөж гүйцэтгэхгүй.

26.4.Зохицуулах хороо нь тарифыг тодорхойлох аргачлал болон тарифын саналыг хянах, шалгах журмыг гаргана.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

Хэвлэх

27 дугаар зүйл. Тариф, гэрээний үнэ

27.1.Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хангагчаас үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл, үнийг жил бүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд 3 сард нэг удаа хянана.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.2. Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө.

27.3. Зохицуулах газар нь зохицуулалтгүй хангалтаар үйлчлүүлж болох хэрэглэгчийг тэдгээрийн цахилгаан, дулааны хэрэглээг үндэслэн тогтооно. Эдгээр хэрэглэгч нь зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалтын алинаар үйлчлүүлэхээ сонгох эрхтэй.

27.4. Зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тариф өөрчлөх саналаа зардлын бүтцийн зүйлчилсэн жагсаалтын хамт Зохицуулах газарт  өгнө.

27.5. Зохицуулах газар нь эрчим хүчний  тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

27.6. Тариф болон гэрээний үнэ нь эрчим хүчний хангамжийн дараахь үзүүлэлт болон бусад хүчин зүйлээс хамааран тодорхой бүлэг хэрэглэгчийн хувьд ялгаатай байж болно:

27.6.1. захиалсан дээд чадал, гэрээнд заасан хэрэглээ;

27.6.2. ачааллын горим;

27.6.3. хэрэглэгчийн ачааллаа зохицуулах чадвар буюу эрчим хүчний тасалдлыг хүлээн зөвшөөрөх боломж;

27.6.4. хангагчийн харьяалах нутаг дэвсгэр;

27.6.5. гэрээний хугацаа;

27.6.6. бусад хүчин зүйлс.

27.7.Цахилгаан, дулааныг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний хангамжийн хэмжээ, үнийг урт хугацааны тогтвортой гэрээгээр зохицуулж болно.

 

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

Хэвлэх



ТAВДУГААР БҮЛЭГ
ХАНГАГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦАА

28 дугаар зүйл. Эрчим хүчээр хангах гэрээ

28.1. Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.2. Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүч дамжуулах шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.3. Хуулийн этгээдтэй  байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.

28.4. Эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгааг үндэслэн эрчим хүчээр хангах гэрээг байгуулж  болно.

28.5. Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны  дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

Хэвлэх

29 дүгээр зүйл. Эрчим хүчээр хангагчийн эрх, үүрэг

29.1. Эрчим хүчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.1. стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах;

29.1.2. эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 4-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;

29.1.3. гэрээнд заасан үйлчилгээний түвшинг хангах;

29.1.4. гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хүчээр хангах;

29.1.5. эрчим хүчийг тасласан шалтгаан арилсан даруй эрчим хүчний хангамжийг сэргээх;

29.1.6 эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх;

29.1.7. хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах;

29.1.8. энэ хуулийн 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх;

29.2. Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно.

 

Хэвлэх

30 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг

30.1. Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.1. эрчим хүчээр хангагдах;

30.1.2. эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;

30.1.3. техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;

30.1.4. эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах;

30.1.5. эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

30.1.6. энэ хуулийн 32.2., 32.3.-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;

30.1.7. эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;

30.1.8. өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах;

 

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.9. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх;

30.1.10. түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр  өөрийн  эзэмшлийн  шугам, тоног төхөөрөмжөөс  бусад хэрэглэгчийг  холбуулах;

30.1.11.  өөрийн  шугам, тоног төхөөрөмжөөр  дамжуулан эрчим хүч бусдад  дамжуулах, түгээх,  тухайн  хангагчаас үйлчилгээний төлбөрийг  гэрээний  дагуу  авах.

30.1.12. эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй.

/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

30.2. Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амь нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц цахилгааны эх үүсвэртэй байна. Эдгээр хэрэглэгчийг  зэрэглэлд нь үндэслэн Зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах  зөвлөл тогтооно.

 

Хэвлэх

31 дүгээр зүйл. Эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах

31.1. Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу  тооцно.

31.2. Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй.

31.3. Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна

31.4. Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Хэвлэх

32 дугаар зүйл. Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх

32.1. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.1.1. үйлдвэрлэлийн осол гарах болон хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болсон;

32.1.2. эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт,  аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

32.1.3. үйлдвэрлэн гаргаж байгаа эрчим хүч нь стандарт, чанарын шаардлага хангахгүй байгаа;

32.1.4. эрчим хүчний хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй;

32.2. Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.2.1. эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;

32.2.2. эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;

32.2.3. тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;

32.2.4. хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;

32.2.5. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;

32.2.6. хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.

32.3. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 32.2.-т зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.3.1. хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

32.3.2. эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн;

32.3.3. гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрүүлсэн.

32.4. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх болсон тухайгаа тусгай зөвшөөрөл олгогчид урьдчилан, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн тухайгаа эрчим хүчээр хангагчид тус тус мэдэгдэнэ.

32.5. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хүний амь нас, улсын эрх ашиг, бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлж болно.

32.6. Эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан тухайгаа түдгэлзүүлсэн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтанд мэдэгдэж шалгуулахаас өмнө битүүмжилсэн тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглахыг хориглоно.

32.7. Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т  заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй.

 

Хэвлэх

33 дугаар зүйл. Шугам сүлжээний хамгаалалтын зурвас

33.1. Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

33.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг тогтооно.

33.3. Хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод, бут нь шугам сүлжээнд гэмтэл учруулахаар буюу үзлэг, үйлчилгээ хийхэд саад болохоор бол мод, бутны өмчлөгч, эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох үүрэгтэй.

33.4. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь шугам сүлжээнд үзлэг, үйлчилгээ хийх, хяналт хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтын зурвасын дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар, барилга байгууламжид нэвтрэн орох, дайран өнгөрөх, өмчлөгч, эзэмшигч нь энэ хуулийн 33.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол уг мод, бутыг шилжүүлэн суулгуулах, хэрэв боломжгүй бол тайрч огтлуулах арга хэмжээ авах эрхтэй.

 

Хэвлэх



ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

34 дүгээр зүйл. Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

34.1. Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хүчний улсын хяналтын байгууллага, улсын байцаагч дараахь чиглэлээр мэргэжлийн хяналт тавина:

34.1.1. эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих;

34.1.2. эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхэд болон шугам сүлжээг хамгаалах шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих

34.1.3. эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гарсан осол, аваарийг судалж дүгнэлт гаргах, осол аваариас урьдчилан сэргийлэх;

34.1.4. зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механик тоног төхөөрөмжийг бүртгэлд хамруулан холбогдох норм, дүрэмд заасан хугацаанд нь техникийн туршилт, магадлалт хийн баталгаажуулж, ашиглах зөвшөөрөл олгох;

34.1.5.  0.07 МПа-аас дээш даралттай уурын, 115 С0–ийн  хэмээс дээш халуунтай усны шугам хоолой, зуух, даралтат савны угсралт, засварын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгож, угсралт, засварын ажлын чанарын баталгаажилтыг хангуулах.

34.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж байгаа үнэ, тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.

Хэвлэх

35 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

35.1. Зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.

35.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь эрх бүхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Хэвлэх

36 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх

36.1. Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрчим хүчийг тасалдуулсны улмаас хэрэглэгчид учирсан шууд хохирлыг нөхөн төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна.

36.2. Энэ хуулийн 29.1.6-д заасан үйл ажиллагаа явуулах үед эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлнө.

36.3. Энэ хуулийн 29.1.2-д заасны дагуу эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас хохирол хүлээсэн бол хохирлыг эрчим хүчээр хангагч хариуцахгүй.

 

Хэвлэх

37 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

37.1. Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч болон эрчим хүчний хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

37.1.1. тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн буюу бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагаас хянаж баталснаас өөр үнэ, тарифаар эрчим хүчийг борлуулсан бол олсон борлуулалтын орлогыг хурааж, албан тушаалтныг 3000 – 60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

37.1.2. эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн шаардлага, өгсөн үүргийг биелүүлээгүй, хяналт, шалгалт хийхэд саад учруулсан, бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан гаргах журам зөрчсөн, санаатайгаар худал ташаа мэдээлэл гаргаж өгсөн иргэнийг 5000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 3000 – 60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

37.1.3. энэ хуулийн 30.1.-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг 5000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 10000–60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 – 250000 төгрөгөөр торгох;

37.1.4. хууль тогтоомж, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, энэ хуулийн  32.1, 32.2, 32.3-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн  албан тушаалтныг  5000 – 50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг  80000 – 250000 төгрөгөөр торгох торгох;

37.1.5. эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг нь алдагдуулсан, зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн, шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх дүрмийг зөрчсөн бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж  буруутай иргэнийг 10000 – 50000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг  80000 – 250000 төгрөгөөр торгох;

37.1.6. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, энэ хуулийн 25.1.3, 25.1.4, 25.1.6, 25.1.7, 25.1.9, 25.1.10-т заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм,  эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт,  засвар,  ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Зохицуулах газрын тогтоолыг зөрчсөн, үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан,  эд хөрөнгийн хохирол учруулсан, техникийн гэмтэл гарахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж буруутай иргэнийг 5000 – 50000 төгрөгөөр,  албан тушаалтныг 20000–60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 – 250000 төгрөгөөр торгох.

Хэвлэх

38 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

38.1. Энэ хуулийг 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         Л.ЭНЭБИШ

Хэвлэх

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалжийг:  http://www.legalinfo.mn сайтаас авав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК